ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгнийгээ зодож хүнд гэмтээжээ. Энэ асуудлыг цагдаагийнхан ихэд нууцалж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг алба хаагчаа хэвтэрт ортол нь зодсон гэнэ. ЦЕГ-ын эх сурвалж “Тусгай хэлтэст сүүлийн үед олон шинэ залуу орсон. Бэлтгэл сургуулилалт нь ч маш хатуу чанга. Бэлтгэлийн үеэр нэгийгээ гэмтээсэн байж болзошгүй. Холбогдох байгууллагынхан шалгаж байгаа гэсэн. Тэд учрыг нь олох байлгүй” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна. Тус албаныхан “Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнийгээ хүнд гэмтээсэн гэх мэдээллийн дагуу бид шалгаж эхэлсэн. Бэлтгэл хийж байхдаа гэмтээсэн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно” гэв. Уг мэдээллийг тодруулахаар ЦЕГ-ын Тусгай хэлтсийн дарга, дэд хурандаа Алтанбаганатай холбогдоход “Манайхны дунд ямар ч зодоон цохионы асуудал болоогүй. Тийм зүйл байхгүй” гээд утсаа салгалаа.
Энэ мэдээллийн дагуу бид ГССҮТ-д очсон юм. Зодуулсан алба хаагч тус эмнэлгийн Тархи, нуруу нугасны тасагт эмчлүүлж буй юм байна. Тус тасгийн эмч нар “ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтан 2-3 хүнд зодуулсны улмаас хүнд гэмтэж манай тасагт эмчлүүлж байгаа. Зодоон болсон шалтгааны талаар бид мэдэхгүй. Тархиндаа гэмтэлтэй, ухаан алдсан байсан. Өнгөрсөн баасан гаригт манайд ирсэн. Бие нь тааруухан болохоор уулзуулах боломжгүй” гэв.
эх сурвалж: твмонголиа.мн Г.РАВЖАА