Фото: Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өнөөдөр болж өндөрлөлөө.

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан бол энэ жил Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч  Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Сүхбаатарын талбайд уншлаа.

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.

 

ШҮЛЭГ УНШСАНЫ ДАРАА  ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.

Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.

Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий юм шүү. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой.

Өнөө жил Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль энэхүү арга хэмжээг уламжлан авч, тус сургуулийн 2222 сурагчийн хамт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг өргөн дуулсан “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа.

Баяр хүргэе.

Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол бат орших болтугай.” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн хамт олонд гардуулж өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг өнгөрсөн жил уншсан 3333, энэ жил уншсан 2222 хүүхдийг бэлэгдэн тоог сийлжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …