УИХ дахь АН бүлэггүй болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар энэ талаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Бүлэггүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ
Мөн Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны өрийг Засгийн газар төлсөнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, судалж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт байрлах Английн “Стандарт” банкны өрийг Засгийн газар төлсөн. Энэ өрийг дарахтай холбоотой хуулийн ямар нэг зөрчил байгаа эсэхийг заавал нягталж үзэх шаардлагатай гэж АН байр сууриа илэрхийлж байна.
“Стандарт” банкинд тавьсан өр бол Монгол Улсад учирсан бодит хохирол мөн. Өмнө бид удаа дараа үүнийг хэлж байсан. Энэ өрийг татвар төлөгчдийн халааснаас гаргаж болохгүй. Өрийг тавьсан хүмүүсээр, тэр бүлэглэлээр өрийг төлүүлэх ёстой. Бүлэглэлийн тавьсан өрийг ард түмний халааснаас гаргах нь гэмт хэрэг. Энэ өрийг дарсантай холбоотой хэд хэдэн анхаарал татсан зүйлүүд гарч байгаа. Тиймээс энэ асуудалд бид ажлын хэсэг байгуулж ажиллана.
Нэгдүгээрт, энэ өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, зуучлагч компани гэж ямар компани гарч ирсэн талаар дахин нэг харах ёстой. Гуравдугаарт, бусад хохирлуудыг бид зайлшгүй тооцох ёстой. Бусад хохирол гэдэгт энэ хэргийн талаар шүүхдэх явцад хэчнээн хэмжээний зардлыг хаанаас гаргасныг заавал гаргаж үзэх ёстой” хэмээн мэдээллээ.