УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч гэж Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд хүсч байна.
65 гишүүнтэй МАН энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй шүү гэж олон удаа бүлгийн хурал дээр ярьсан. Бүх протокол надад байна. Харамсалтай нь миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн хэсэг нь шүү. Цаашид үзэх юм бол маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс. Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна” гэлээ.