УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио.
Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр намын улстөрчид жүжиг тоглолоо. Энийг зогсоох гэж МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм.
16 настай хүүхэд 19 настай эмэгтэйг дагуулж очоод хүн амины хэрэг үйлдсэн гэдэг жүжгээ зогсоо. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад эрүүдэн шүүв. Яагаад хашаанд нь цогцос аваачиж хаяв.
Холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Түр хороог яаралтай байгуулж, ажилд нь оруулъя. Бичлэг нь ил боллоо гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа”Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ?.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэд, хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, түр хороо ямар хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргана. Илэрхий мэдэгдэж байгаа зүйл бол нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.
Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахадаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна.
Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.