Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор “Мөсөн өргөө” спортын ордны шав тавих ёслол өчигдөр Шинэ Яармаг хороололд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа хүүхэд, залуучууд, иргэдийн спортын болон оюуны хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд дутмаг байгаа. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний олон төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан “Мөсөн өргөө” ордон спорт цогцолборын байгуулах ажлыг өнөөдөр эхэлж байна. Техник технологийн хөгжлийг дагалдан интернэт, гар утаснаас улам бүр хамааралтай болж байгаа өнөө үед хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдараа хөгжүүлж спорт, урлагаар хичээллэх боломжийг бий болгох зорилгоор цаашид олон томоохон бүтээн байгуулалтыг ажлыг хийх болно” гэдгийг хэллээ.
Энэхүү “Мөсөн өргөө” ордон нь:
– Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
– Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Тус ордон нь 2600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм байна.
Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор өнөөдөр эхэллээ. Барилга угсралтын ажил 2020 оны 7 дугаар сард дуусах ба мөн оны 8 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.