Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр /2019.0.4.22/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шаардлагатай гэвэл УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай. Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж хоёр шийдвэр гаргасан. Тодруулбал, бүлгийн гишүүд ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэж үзлээ.  Тус ажлын хэсэг нэгдүгээрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт гаргах хоёрдугаарт, үлдсэн жил гаруйн хугацаанд Засгийн газар юунд анхаарч ажиллах талаар чиглэл гаргана” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Энэ Засгийн газрын үед ХАБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлгийн хурал дээр ярилцсан уу?

-Хүний амь нас эрсэдсэн холбоотой асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээх ёстой гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж хариуцлагын асуудлыг ярихгүй байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж хариуцлага тооцно.

 -Ирэх сонгууль хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт нь хэдэн хувиар хангагдана гэж төсөөлж байна вэ?

-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэхдээ томоохон асуудлуудаа шийдье гэж үзсэн. Мэдээж бүгдийг шийдэх боломжгүй. Бүгдийг шийдье гэвэл хоёр асуудал тулгарна. Нэг бол концесс болон гаднын зээлээр авахад хүрнэ. Энэ Засгийн газар гаднаас авах зээлийг эрс багасгах, концесс хийхгүй гэсэн зарчмыг л барьж байгаа. Концесс, зээл хоёр бол ирээдүйд ард түмэнд очих өр. Тийм учраас өр нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа учраас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 70-80 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөл байна. 10 их наяд гаруй төгрөгийн асуудлыг улсын төсвийн хэмжээнд шийдвэрлэх боломж байгаа.

-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?

– АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.

-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлыг бүлэг дээр ярьсан уу?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …