ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит энэ Бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна.
Бага хуралд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл, бүгд 111 орны 1,000 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа ажээ.
Бага хуралд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев уншиж танилцуулав.
Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны захирал С.Нарышкин нарын зэрэг хүмүүс илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлсэн байна.
Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцооны талаар мэдээлж үг хэлсэн байна. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна.
Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халхгол сумыг Орос Улсын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаад талархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Цэргийн тойргуудын хамтын ажиллагааны уламжлалыг сэргээж ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дэмжихээ сайд С.Шойгу илэрхийлээд тус тойргийн командлагч дэслэгч генерал Г.Жидко ойрын үед Монгол Улсад айлчлахыг нотлов.
Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсад шилжүүлж өгсөн нисэх буудлын үйлчилгээний техник хэрэгслийг ашиглахад сургах мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээх боломжтойгоо мэдээлсэн байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй тухай мэдээлээд уг тусламжийн барааг Оросын тал тээвэрлэж хүргэхээр болсонд талархал илэрхийлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад “Морин марафон” тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа тухай, Монголын Зэвсэгт хүчин энэ жил уламжлал болон оролцдог тэмцээнүүдээс гадна шинээр хоёр тэмцээнд багаа оролцуулах, мөн нэг тэмцээнд ажиглагчдаа илгээхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.
Хоёр талын уулзалтын төгсгөлд Оросын тал Кызылын кадетын сургуульд Монголын сурагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай гэрээ үзэглэж байгуулахад бэлэн болсныг Монголын талд өгөв. Уулзалт халуун дотно уур амьсгалтай өрнөж, талууд хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэсэн ач холбогдолтой боллоо.
Бага хурлын явцад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус бага хуралд оролцож байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан-Пьер Лакруа, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нартай уулзсан байна.