УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордны “В” танхимд өөрийн төсөвт зардлаа тайлагнаж, УИХ-ын хангамжийн талаар анх удаа хэвлэлийнхэнд мэдээллэв.
Тэрээр сардаа 1 сая 267 мянган төгрөгийн үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь гээд нийтдээ 1 сая 648 мянган төгрөгийн цалин авдаг аж. Төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл сурталчилгаа, зочны хүлээн авалт, ном хэвлэл, гадаад арга хэмжээний бэлэг дурсгал зэрэгт зарцуулсан байна. Үүнээс 10 сая төгрөгийг нь хуулийн төсөл боловсруулахад зарцуулсан аж.
Хөрөнгө орлогын хувьд өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан 3 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг, 70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууц, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин, хурдан удмын 3 адуу, 50 үхэр, 30 ямаатай юм байна.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүний төсөв нь гишүүний өөрийн төсөв, нийтлэг үйлчилгээний зардал гэсэн бүрдэлтэй, нэг гишүүн жилд 100 сая төгрөгийг зарцуулах боломжтой байдаг ажээ.
Л.Бадрах