Ким Чен Ун засгийн эрх барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын тансаг хэрэглээний импорт хоёр дахин нэмэгджээ.
Гэсэн хэдий ч тус улс хүнсний хомсдолд өртсөн хэвээр байгаа юм. Энэ талаар “Ренхап” агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Юн Сан Хений хэлснээр БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан аж. Энэ бол урьд өмнө байгаагүй их хэмжээний дүн юм. Харин эцэг Ким Чен Ирийн засаглалын үед тансаг зэрэглэлийн бараанд жилд дунджаар 300 сая ам.доллар зарцуулдаг байсан аж.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-ын иргэдийн ядуу байдалд нэг бус удаа анхаарал хандуулсаар ирсэн. Өмнөд Солонгосын Нэгдэх асуудлын яамнаас өнгөрсөн есдүгээр сард л гэхэд Пхеньянд 6.3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсноо зарласан.
Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас Хойд Солонгост тусламж болгож, Онцгой байдлын үед хэрэглэх төв сангаас зургаан сая ам.доллар гаргахаар болсноо мэдэгдсэн билээ.
Учир нь Хойд Солонгосын газар нутагт үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын хүнсний 14 үйлдвэрийн тав нь үр тарианы хомсдолоос болж үүдээ барьсан юм. Үүний улмаас Хойд Солонгосын 500 мянган хүүхэд тусламж авч чадахгүйд хүрсэн аж.