УИХ дахь АН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн байна. Энэ хүрээнд АН-ын зөвлөлөөс Засгийн газар болон Улсын ерөнхий прокурорт албан тоот илгээж, зайлшгүй анхаарах учиртай зүйлсийг сануулахаар болсон байна.
Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан явдал хууль зөрчсөн эсэхийг тогтоох. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны түр дансуудаар их хэмжээний мөнгөн гүйлгээг олон жилийн турш хийж, ашигласан. Мөн борлуулалтын зуучлалын компаниудын зэсийн баяжмалыг борлуулсан орлогын мөнгийг өөр дансаар дамжуулсан байж болзошгүй үйлдлийг тогтоох шаардлага байна. “Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч. Энэ олон жил үйлдвэрийн зэсийн баяжмал дээр хийсэн бизнесийг зайлшгүй эргэн нягтлах шаардлагатай.
Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн хохирол 40 сая ам.доллараар яригдаж байгаа боловч цаашдаа нэмэгдэнэ. Цаашид луйврын санхүүгийн схемийг илрүүлж, зэсийн баяжмалын борлуулалтын асуудлыг ил тод болгох шаардлагатай байна. Нийт хохирол 143 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг буруутай хүмүүсээр төлүүлэх шаардлагатай. Зөвхөн “Стандарт” банкны өрийг барагдуулах зардал нь 38 тэрбум төгрөг болсон. Энэ бол бодит хохирол. Үүнийг хэн төлөх вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн энэ мэт луйварт эрх баригчид дуугүй байна” гэсэн юм.