Цэргийн жинхэнэ албаны II ээлжийн татлага 10 сарын 18-20-ны өдрүүдэд болно. II ээлжийн цэрэг татлагад нийтдээ нийслэл хотоос 23429 хамрагдах гэж байгаагаас 22100 иргэнд буюу 94,2 хувьд нь зарлан дуудах хуудас тараасан байна. Нийслэлийн цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна. Цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн дүнг жил бүр Засгийн газраас тогтоодог бөгөөд энэ жил 3 сая 727 мянган төгрөгөөр тогтоожээ. Хуралдааны төгсгөлд нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун “Цэрэг татлагыг зохион байгуулахад онцгой анхаарч, 2013 оны тээврийн хэрэгслийн үзлэгт орсон зөвшөөрөлтэй автомашинаар цэргүүдээ хүргэх, цувааг 1-р эгнээгээр зорчуулахаар төлөвлөжээ.
Мөн цэргийн жинхэнэ албанд татагдаж буй цэргүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч байгаа гэнэ. Үүнээс цэргийн алба хаагаад халагдан ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.