Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өчигдөр Сүхбаатарын талбайд “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт боллоо.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа төсөл. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих чиглэлийн аюултай зам, талбай, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлж, хяналт тавих зэргээр ажиллах юм.
Хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай
Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.Тэрбээр “Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур, эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Улсын үндэс, үндэстний ирээдүй болсон гэр бүл, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад бүхний анхаарлыг хандуулах, төрийн бодлогыг чиглүүлэхээр Та бид энд хуран цуглаад байна.
Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, нийгмийн хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд оролцсон 2,833 гэмт хэрэг гарч, 4,922 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна.
Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай.
Миний бие зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ зарлигаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, уялдаа холбоог хангах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахуун, эх оронч үзлийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээ болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөтөлбөр контентын агуулга, чанар, хүртээмжийг сайжруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байгаа юм.
Хүүхдээ хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, сурган хүмүүжүүлж боловсруулах нь хүн бүрийн, юуны өмнө эцэг эхийн үүрэг гэдгийг хэн бүхэн мартаж болохгүй билээ. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.
Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийнх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна.
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзэж, хүн бүр энэ эрхэм үйлсэд нэгдэн эрүүл аюулгүй, амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэцгээе” гэв.
Ерөнхийлөгч гар урлалын бүтээгдэхүүн зардаг зэрэг аж ахуйн нэгжүүдийн асраар оров
Мөн өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Сүхбаатарын талбайд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болов.
Нээлттэй хаалганы өдөрлөгт төрийн байгууллагуудаас гадна хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгч зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байв.
Энэ үеэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дүүжин даажин” нярайн өлгий үйлдвэрлэгч, малын хаягдал яс боловсруулах, уураг тос, нүүрс, бутармаг гарган авч экспортлож буй компани болон гэртээ хүүхдээ хардаг эсвэл ахмад настай хүмүүсийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн зардаг зэрэг аж ахуйн нэгжүүдийн асраар орж, ярилцлаа.