УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр, 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа гэв. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд З.Дашдаваа нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилуулахаар санал болгож буй Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлжээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд Ж.Батсайхан нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд, С.Бямбацогт нар асуулт асууж, нэр дэвшигч нар болон Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нараас хариулт авсны эцэст нь санал хураалт явуулав.
Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Жанжаагийн Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 нь тус тус дэмжсэн. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалыг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Цээсүрэнгийн Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.