Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Мишель Форст хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад тэдэнд учирдаг нөхцөл байдлыг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон хүний эрхийг зөрчсөн бусад ноцтой нөхцөл байдал үүссэн тухай тэдэнд танилцуулсан юм. Түр хорооны нэг чухал үүрэг нь уг хэргийн илрүүлэлтэд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл гарах ёсгүй гэдгийг хэлээд үүнд онцгой анхаарч ажиллах болно гэдгээ тодотгов. Мөн хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа чухал цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж байна гэдгээ хэллээ.
Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монгол Улсад ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ 5 дугаар сарын 13-нд албан ёсоор танилцуулах юм байна. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.