Цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа хүчирхийлэлийг хэзээ таслан зогсоох вэ?

Хүүхдийг хүчирхийлэх, хүүхэд алга болох хэрэг нийгмийг түгшээж эхэллээ. Бидэнд энхрий үрсээ хайрлан, зүүдэнд нь хүртэл хамгаалж үнэг хайчлан домнодог монгол сайхан ёс бий. Гэтэл зах зээлийн нийгэмд хүнийг хайрлах сэтгэл, хүүхэд хамгаалал гэдэг асуудал аль хэдийнээ байхгүй болжээ.Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдэж аюулын хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн баримтыг хүргэж байна.

Баримт 1. 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан юм. Хохирогчид архи уулган согтоож, хүчирхийлэн, амь насыг нь хохироосон.

Баримт 2. Хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг охины сураг гараагүй.

Баримт 3. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм. Одоогоор сураг нь гараагүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.

Баримт 4. Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарчээ. Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд Т-г эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

 Баримт 5. Баянгол дүүргийн VII хороо, …дугаар байрны … тоотод өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд н.Тодзаяа гэгч нь 4 болон 6 настай хүүг 72 цагийн турш яргалсан хэрэг гарав. Хойд эцэгтээ яргалуулсан 4 настай хүү 9 удаа хагалгаанд орж, хоёр гар нь хугарч, бүдүүн гэдсээ тайруулан улмаас биеийн байдал тааруу байгаа. Харин түүний ах нь СЭМҮТ-д эмчилгээ хийлгэсэн.

УИХ-ын  гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг яагаад дуугарахгүй байна

Энэ мэт хэргүүд сэтгэл сэрдхийлгэм, зүрх зүсэм хэргүүдээс хархад манайд хүүхэд хамгаалал хэтэрхий хайнга хандаж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалах төрийн бодлого хэр оновчтой, түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд өнгөрсөн хугацаанд ямар үр дүнтэй ажиллаж ирснийг хүчирхийлэлд өртсөн, тоо баримтаас харж болно. Мөн төрийн түшээд болон УИХ-ын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг яагаад дуугарахгүй байна вэ. Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж байна уу. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд тоон баримт, тоон судалгаа мэдээлэхээс илүүтэй хүүхэд хамгаалал уруу чиглэсэн бодит ажлыг хийх хэрэгтэй. Мөн хүүхэд хамгааллын тухай хууль эрхзүйн орчинг бид боловсронгуй болгох чиглэлээр юу хийв ээ. Нийгмийг цочроосон Цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа хүчирхийлэлийг хэзээ таслан зогсоох вэ?

Н.Алт

 

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …