Олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ!
Политик гэдэг бол “нийгмийн математик” юм. Энэ математикийн бодлогыг бодож чаддаг хүмүүс л улсыг удирдах ёстой. Тийм хүмүүс бол философичид мөн. Тэгэхээр философич хүн улстөрч байх ёстой. Платон(Плато) ингэж үзсэн.
Тэгээд Платон “нийгмийн тоо бодлого” маш амаргүй ажил болохыг өөрийн философийн олон бүтээлүүдээрээ нотлохыг оролдсон. Жишээ нь, “Төр улс” хэмээх нэртэй бүхэл бүтэн номоороо “шударга ёс” гэсэн ганц үл мэдэгдэгчтэй “тэгшитгэлийн”-ийн хариуг олох нь хэчнээн амаргүй байгааг харуулжээ.
Платоны шавь Аристотель багшийнхаа санааг цааш үргэлжлүүлэв. “Политик” хэмээх номоороо; нийгэм бол иргэн, гэр бүл, өмч хөрөнгө, анги, давхарга, төр гэх зэрэг маш олон хувьсагчтай хэцүү “тэгшитгэл” гэдгийг харуулсан. Түүний мэдлэгийн салбарт анх эргэлтэд оруулсан “политик” гэдэг үг нь угаасаа поли (олон), токис (ашиг сонирхол) гэсэн грек хоёр үгийг зүйж нийлүүлэн босгосон ойлголт. Яг үгийн үндсийг хөөн утгачилбал политикийг “Олон ашиг сонирхлыг эвлүүлэх шийдэл” гэх нь зүйтэй.
Аристотель номондоо, философич хүн улстөрч байх ёстой гээгүй ч харин демагогууд нийгмийг удирдах нь аюултай гэлээ. Демагог гэдэг нь өнөө цагт популист хэмээн уншигдана. Тэгэхээр популистууд улсыг удирдах нь аюултай гэсэн үг.
Популистууд улсыг удирдаж болохгүй тухай Аристотелийн үндэслэлийг уншихад үнэхээр цочирдом. 2500 жилийн өмнө бичсэн гэхэд бидний үеийнхэнд урьдчилан анхааруулсан юм шиг бичсэн нь үнэндээ лут!
Жинхэнэ политик бол нийгмийн олон янзын ашиг сонирхлыг эвлүүлэн улсаа сайжруулах шийдэл хайж, нийгмийн тоо бодлого бодох явдал атал популистууд эсрэгээрээ тэдгээр ашиг сонирхлуудыг хагалан хувааж, харанхуй массын толгойг эргүүлэн, тэдэнд зусардах замаар хувьдаа эрх мэдлийг олж авах ганц зорилготой. Популистууд харанхуй массын толгойг эргүүлэхдээ юу ч амлаж, юу ч гэж худлаа ярьдаг. Цааш нь Аристотель “…демагогууд ядуу ардуудыг нийгмийн чинээлэг хэсэг рүү турхиран улсыг ямагт хоёр хэсэгт хувааж суудаг…” хэмээн бичжээ.
Хар л даа! Тун чиг танил дүр зураг байгаа биз. 2500 жилийн өмнө Аристотелийн “Политик” хэмээх номондоо ингэж анхааруулсан юм шүү дээ!
Популистуудын улс төрийн тоглоомд орсон улс орон гарцаагүй сүйддэг бөлгөө. Үүнийг орчин цагийн хамгийн тод жишээ болох Венесүэлийн нийгмийн эмгэнэлт хэрэг явдлаас харж болно.
Уго Чааваас бол үнэхээр сүпер популист хүн байжээ. Тэр нийгмийн бодлого бодож чадах хэмжээний политик байгаагүй. Нийгэм хэмээх олон хувьсагчтай тэгшитгэлийнхариуг бүдүүн бааргаар ч хэлчхэж угаасаа чадахгүй. Учир нь нийгмийн амьдралыг оюун ухаанаараа шүүн тунгаахаас илүүтэй эмоциороо л үнэлж дүгнэдэг хүн байсан учраас!
Ер нь энэ бол аливаа популистуудын нийтлэг мөн чанар л даа. Популистууд бол харанхуй зөн билгийн тулаанчид юм!
Уго Чааваас жинхэнэ популистч ёсоор нийгмээ эмоциороо өөнтөглөн харж, зөн билгээрээ тунгаалаа. Улс нь түүхий нефть экспортолдог хэмжээгээрээ дэлхийд тавд ордог хэрнээ дүүрэн ядуустай, тэднийх нь амьдрал хөөрхийлэлтэй. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь ядуусдаа хүрдэггүй. Ийм атал улстөрчид нь ард түмнээ хөсөр хаяад авлигад идэгдэн, олигархиудаар бөөцийлүүлсэн хөгийн амьтад. Ардчилагчид ардчиллаа завхруулаад хүний нүүр харахын эцэсгүй болгочихсон!
Ийм дүр зураг мань эрийн эгдүүцэл уурыг хүргэлгүй яахав. Тэгээд Венесүэлийг доройтлоос гаргаж, хөгжил дэвшилд хүргэх арга зам социализм юм байна хэмээн зөн билиг нь “шивнэв”. Зөн билиг угаасаа харагдах байдалд автамтгай бөгөөд мэдээж баян, ядуу хоёрын ялгааг хамгийн түрүүн зааж, үүнийг тэгшитгэх хэрэгтэй гэсэнбодлогын хариуг өгдөг л дөө.
Ийнхүү Уго Чааваас өөрөөс нь өмнө социализм байгуулсан бүх орон дампуурсныг харсаар байж, социализмтайгаа зууралдан үлдсэн Хойд Солонгос өлсгөлөнд нэрвэгдэж, Куба хүн арддаа талоноор бараагаа хуваарилан хүргэж буйг мэдсээр байж, Венесүэлдээ ХХI зууны социализм байгуулна гээд зүтгэчхэв.
Газрын тосныхоо салбараас гадны хөрөнгө оруулагчдыг хөөв. Уг салбарын мэргэшсэн менежерүүдийг мөн ажлаас нь халав. Газрын тосны бизнесийг генералууын гарт өгөв. Нэг литр бензиний үнийг нэг боливар буюу тэр үеийн доллартай харьцах ханшаар нэг цент байхаар тогтоов. Ард түмэн бөөн баяр!
Бас генералууд ч бөөн баяр! Учир нь генералууд бензиний контрбанд (нууцаар гадагш хил давуулан зарах дамын наймаа)-аар хувьдаа сая сая доллар олох болсон юм чинь! Сүүлдээ жилдээ190 гаруй тэрбум долларын орлого далдуур олдог болсон билээ.
Бензинийг зүгээр шахуу өгч байгаа гэдгээр шалтаглан худалдаа, үйлчилгээний газруудын бараа, бүтээгдэхүүний үнийг засгийн газраас тогтоохоор тэмцэв. Зах зээлийн эрэлтээс болж үнээ өсгөсөн худалдаа,ү йлчилгээний газрын эздийг баривчлан шоронд хориод өмчийг нь хураан авлаа. Ашиггүй болсон худалдаа, үйлчилгээний газрууд дампууран лангуу нь хоосорч, зах зээл дээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн.
80000 цэргээр зам барих, засах ажил хийлгэв. Зөвхөн зам, барилгын ажил хийлгээд зогссонгүй, газар тариалан дээр ажиллуулахаас авхуулаад улсад хурааж авсан дэлгүүртээ манаач, худалдагчийн ажил хүртэл хийлгэх болов. Жирийн иргэд нь ажлын байр, талоны бараа олж авахын тулд цэрэгт уралдан явцгаав. Цэргийнхэнд ажлын байраа алдсан иргэд гудамжаар нэг хөглөрчээ.
Ийнхүү Уго Чааваасын социализм байгуулах поп арга хэмжээнүүд ар араас угсран явсаар Мадурогийн үед Венесүэлийн эдийн засаг бүрэн сүйрч, дэлхий нийтээрээ үүнийг харж байна. Удахгүй инфляци нь арван саяд хүрэх гэж байна!
Чааваасчуудын гайгаар Венесүэлд нийгмийн цунами болсон. Популизмд автсан венесүэлчүүд өөрсдийнхөө гараар дэлхийн хамгийн баян орнуудын нэг байсан эх орныхоо эдийн засгийг “галдан шатаасан”. Одоо ч шатсаар байна. Үнс нурам л үлдэхээс нааш Мадуро явахгүй бололтой.
Мадурочуудад Венесүэлийн хувь заяанаас илүү эрх мэдэл нь үнэтэй цэнэтэй аж. Тэд засгийн эрх мэдлээ гадны олон мянган цэрэг, офицер болон иргэдийг авчран хамгаалж байгаа.
Уго Чааваас, Мадуро нарын популист улс төрд нэг сайн тал бий. Тэр нь популизмын аюулыг венесүэлчүүдийн яс маханд хүртэл мэдрүүлсэн явдал юм.
2000 оны үед Уго Чавесийн популист шинэчлэлийг хүн амын 80 орчим хувь дэмжиж байсан байдаг юм. Гэтэл өнөөдөр Мадурогийн популизмыг хүн амын 80 хувь огт дэмжихгүй, бослого гаргах болжээ. Ард түмэн нь популист улс төрийг хүлээж авахаа больжээ.
Мадуро унаж, ардчилал эргэж ирэх юм бол венесүэлчүүд ямар ч байсан ХХI зуундаа популизмыг дахин хүлээж авахгүй болтлоо хаширсан биз ээ. Энэ ухаарал даанч дэндүү үнэ цэнэтэй олдож байна даа!
Венесүэлчүүд популизмын гамшгийг биеэр үзэн ухаарч байх яг энэ үед монголчууд популизмд автаж эхэллээ. Венесүэлийн гашуун туршлагыг хараад байгаа хэрнээ хойноос нь алхчихлаа!
Уг нь арваад жилийн өмнө популизмын аюулын тухай хамгийн анхны мэдээг сэтгүүлч Мөнхбаясгалан монголчуудад авчирч байлаа. Тэрбээр 70-аад оны үед Америкийн хөгжин цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж байсан Детройт хэмээх хот хэрхэн популист улстөрчдийн гайгаар “гэмт хэргийн харанхуй хороолол” болон дампуурсан тухай нийтлэлийг нүдэнд харагдтал бичиж билээ. Олон ч хүн уншсан сан.
Хүмүүс өөрсдийн биеэр мэдэрч үзэхээс нааш бусдын түүхийн сургамжийг авдаггүй хэмээн түүхийн философийг үндэслэгч Вико (Giambattista Vico) айлдсан байдаг. Тэр үнэн бололтой!
Тэгвэл олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ! Найдах зүйл маань энэ.
Нийтлэлийнхээ төгсгөлд ирээдүгээс их юмгүй залуу хүн гэдгийг нь бодолцож үзээд сайд Оюун-Эрдэнэд зориулан Платоны “Төр улс” номоос “…Мэргэч ингэж хэлтэл эхний дугаар авсан хүн дөхөж очин дарангуйлагчийн амьдрал сонгов. Өөрийн ухаангүй, шуналаас үүдсэн түүний сонголт нь өөрийн хүүхдээ идэх зэрэг олон зовлонг дагуулж байгаа нь илт байлаа… Дараа нь тэрээр үүнийг гэнэт ойлгон цээжээ балбан уйлж, ийм сонголт хийсэндээ өөрийгөө биш бурхад болоод бусдыг буруутгаж билээ” хэмээх гүн ухаантай нэгэн ишлэлийг татъя! Оюун-Эрдэнэ сайд популист бус, политик болох болтугай!