Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийн 2015 онд бичсэн “Миний мэдэх женко Баттулга” ном англи, орос хэлээр орчуулагдсан билээ. Саяхан зохиолчтой “Penguin random house” компани “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг нь англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээ байгуулжээ.
Х.Баттулга хэрхэн сонгуульд ялж ерөнхийлөгч болсон, одоо явуулж буй үйл ажиллагааны нь тухай нэмж бичих хүсэлтийг “Penguin random house”-ын Сингапур дахь салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга Нора Назарене зохиолчид тавьжээ. Тэр ёсоор, Д.Төрмөнх нэмэлт бүлэг бичиж хүлээлгэн өгсөн байна.
Гэрээнд заасны дагуу “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” ном энэ оны сүүлээр, “Санкара” эссэ роман ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Эхний ээлжинд ном тус бүрийг хоёр хэлээр 20 000 хувь хэвлэх аж.