Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар  “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлэхээр заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг тус Байнгын хорооны даргаар сонгуулахаар МАН-ын бүлгээс санал болгон нэр дэвшүүлж буйг намын бүлгийн дарга дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,  2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж  Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.

Тэрбээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар тус тус ажиллажээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэр дэвшигч Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг  маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …