МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан байна. Ингээд тус намын Бага чуулганы нийт гишүүдийн 91.67 хувийн саналаар тус намын дарга Н.Энхбаярыг дээрх сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.
Н.Энхбаяртай МАХН-ын Бага чуулганы гишүүн С.Ононбаяр өрсөлдсөн ч Бага чуулганы гишүүдийн 8.33 хувийн саналыг авч ялагдсан байна.
Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр “ МАХН хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодрууллаа. Надад итгэл хүлээлгэсэн Бага чуулганы гишүүддээ баярлалаа. Эрх баригчид энэ сонгуулийг битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрэээрээ очих вэ гэж айж байгаа. Тийм ч учраас тус сонгуулийг удаа хойшлуулсан. Одоо ч гэсэн өөрсдийнхөө томилсон шүүгч нараар уг сонгуулийг будлиантуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Цэцийн хэлэлцэх ёсгүй асуудлыг зориуд хэлэлцүүлж байна. Гэхдээ бид Хэнтийнхээ сонгогчдыг хүндэтгэж цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодрууллаа. МАН, АН луйвраар ялна. Амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд хэцүү гэдгийг бид мэдсэн. Тэд ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө сонгууль хийнэ. Гэхдээ Монголын ард түмэн ухаантай учраас мөнгөнд хууртахгүй. Бид Хэнтийн иргэдтэй хамтран шударга сонгуулийг явуулна. Бусад намууддаа хандан шударгаар өрсөлдөе. гэж хэлмээр байна. МАН, АН иргэдийн итгэлийг алдсан. Би та бүхнийхээ итгэлийг даана” гэлээ.