Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-31-нд болох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллана.
Энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.
Чуулганд Науру Улсын Ерөнхийлөгч Барон Вака, Тувалу, Вануату Улсын Шадар сайд, Бутан, Лаос, Тайланд, Тимор-Лесте Улсын Гадаад хэргийн сайд болон тус комиссын 50 гаруй гишүүн орны төлөөлөгч оролцох юм. Түүнчлэн Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдик Хун Сен нар хүндэт зочноор оролцох аж.
Манай улс өмнө НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 45, 55 дугаар чуулганыг даргалж байсан бөгөөд 20 жилийн дараа чуулганы даргаар дахин ажиллах болсон нь НҮБ болон түүний харьяа байгууллагын ажилд идэвхтэй оролцох, Монголын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх ач холбогдолтой юм.
Гадаад харилцааны сайд чуулганы Бүгд хуралдаан болон Буурай хөгжилтэй, арлын жижиг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний тусгай хуралдааныг даргалах юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын санаачилгаар зохион байгуулах “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” тусгай хэлэлцүүлэгт оролцож, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.