Дуучин залуу яагаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг бухимдуулсан нь сонин. Мэдээж уурлах шалтгаан байгаа болоод л хотын дарга дуучин залууг загнасан байж таараа. Учир юу вэ гэвэл “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг дуулахаас гадна нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцох болоод удаж буй. Тэрээр “Sentino light” ХХК хэмээх гэрэлтүүлэг чимэглэлийн компанид удирдах албан тушаал хашдаг бөгөөд Чингисийн талбайн гэрэлтүүлгийг сольж, шинээр гэрэлтүүлэг суурилуулсан нь Хотын дарга Э.Бат-Үүлийг бухимдахад хүргэжээ.
Эх сурвалжын мэдээлж байгаагаар “Sentino light” ХХК нь Хотын дарга Э.Бат-Үүлийн хүүгийн компани гэх. Удирдлага нь хотын даргын хүү ч түүний доод талын албан тушаалтан нь “Люмино”-гийн Бажиг гэх юм билээ. Харин тэд дааж авсан ажлаа муу хийснээс болоод хотын даргаас зэмлэл хүртэхэд хүрэв. Энэ онд Нийслэл хотын гэрэлтүүлэгт нийт 7.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүний 3 тэрбумыг төв талбай болоод Засгийн газрын ордон, түүний ойр орчмынх нь газруудын гэрэлтүүлгийг шинэчлэн сайжруулахад зарцуулахаар болсон. Харин 3 тэрбумын ажлыг “Sentino light” ХХК ямарч тендер явуулахгүйгээр давуу эрхээр авсан байдаг. Өчигдөр орой л гэхэд Чингисийн талбай тас харанхуй, “Sentino light” ХХК-ний гадаадаас өндөр үнээр авчирсан гэх шинээр суурилуулсан хэдэн гэрэлтүүлэг нь чөтгөрийн гал шиг сүүмийсэн юм харагдана билээ. Ийм байхад хотын дарга уурлахаас ч яахав.
Хуучнаар Сүхбаатар одоогийн Чингисийн талбайн гэрэлтүүлгийг одоогоос 10 жилийн өмнө буюу 2003 онд бүрэн шинэчлэх ажлыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК хийж гүйцэтгэсэн. Ингээд 10 жил болсон хуучин гэрэлтүүлгийг сольж, төв талбайг хачин сайхан гэрэлтэй болгох ажлыг Хотын дарга өөрийн хүү болон түүний найз “Люмино” хамтлагийн дуучин Бажи нарт даалгасан боловч “их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг болов. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шуурхай хурал зарлаж, төв талбайд шинээр суурилуулсан гэрэлтүүлгүүдийг бүгдийг нь буулгаж, 10 жил болсон хуучин гэрэлтүүлгүүдийг яаралтай буцаан суурилуулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн жил Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой тохиосон. Тэрхүү ойн арга хэмжээтэй уялдаад Чингис хааны хөшөө болон Засгийн газрын ордныг 80 орчим сая төгрөгөөр том, бага нийлсэн 300 гаруй гэрэл суурилуулж тохижуулсан. Гэтэл 80 сая төгрөгөөр гэрэлтүүлэг суурилуулаад 1-хэн жил болж байхад бүх гэрлүүдийг буулгаж, дахин шинээр гэрэлтүүлэг тавихаар болж байгаа нь ойлгомжгүй байна.
эх сурвалж: аравт.мн