Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн хувцасны “Mongoloo Kids-Монголоо КИДС” брэндээс санаачлан Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т өчигдөр /2019.05.31/ зохион байгууллаа.
“Mongoloo Kids-Монголоо КИДС шоунд тус брэндийн загварын гурван коллекц хувцсыг авьяаслаг бяцхан хүүхдүүд өмсөж хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа сонирхуулсан юм. Үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, гоёлын даашинз гэсэн коллекцуудыг танилцуулан тайзан дээр загварлаг гэгч нь алхаж буй бяцхан загвар өмсөгчдийн үзүүлбэр тэнд цугласан эцэг эхчүүд, болон хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэв.
Хүүхдүүдэд зориулсан энэ тоглолтод авьяаслаг бүжигчин охид, циркчид, хөгжилтэй алиалагчид оролцон, сонирхолтой үзүүлбэрүүд толилуулсан юм. Мөн шоунд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, болон хүүхэд багачууддаа МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, дуучин Дуучин А Сооl, S4 хамтлаг уран бүтээлчид ая дуугаа өргөн барив.
Загварын шоу энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа ч цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, олон шинэлэг загварыг танилцуулж байх болно гэдгийг тус брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрам хэлж байлаа.
“Mongoloo Kids-Монголоо КИДС” хүүхдийн загварын шоунд Бяцхан миссийн олон улсын тэмцээний шагналт байранд шалгарсан шилдэг моделиуд оролцсон бөгөөд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг ““Монголоо Кидс” брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоунд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын олон улсын хүүхдийн тэмцээний шагналт байранд шалгарсан авьяаслаг охид урилгаар оролцлоо”гэв.
Шоуны ерөнхий найруулагчаар Э.Золзаяа буюу /ZZ/ ажилласан бөгөөд хөтлөгчөөр жүжигчин Э.Ууганбаяр ажилласан юм.
Г.Нараа