УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн тогтоол үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжив.
Тус зөвлөлийн хуралдаанаар эхлээд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй гишүүд санал нийлэхгүйгээ илэрхийлэв.
Тодруулбал, Улсын төсөв батлагдсанаас хойш гэнэтийн онцгой нөхцөлд нөөц сангийн мөнгийг зарцуулах эрхтэй болдог. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Захиргааны ерөнхий хуульд тавьсан хоригийн талаар хэлэлцэв. Эл хууль нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байхаар заасныг эсэргүүцэв. Мөн эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэн, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй байгааг онцолсон. Түүнчлэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан заалтыг зөрчсөн хууль гэж үзэв. Тиймээс дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.