УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэнийг УИХ-ын гишүүд 78.3 хувийн саналаар дэмжлээ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан.