Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс гадна “Тэр үед 13 настай охин одоо нас биед хүрчихсэн.
Охинтой чинь уулзая, хамт явъя гэх мэтээр тагнуулын Ажлын хэсгийнхэн миний охиноор оролдож эхэллээ. Миний өвөө хэлмэгдсэн. Би 10 сар хоригдлоо. Одоо гурав дахь үе рүү нь буюу миний охиноор оролдож эхэлж байна. Охиноор минь оролдохгүй байх арга хэмжээ авч өгөөч” гэсэн утгатай захидал ирсэн байдаг. Сая тэр өргөдөл олон нийтэд ил болж байна билээ. Сая үйл явдлыг нь харж байхад Б.Булганыг эрүүдэн шүүсэн болж таарсан. Тэр Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулсан. Яг л Т.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг.Тухайн үед Б.Булганыг эрүүдэн шүүсэн өргөдөл ирэхэд би Цагдаад, Тагнуулд үүнийг шалга гэж хандсан. Ер нь хууль бага зэрэг гадарладаг хүнд эрүүдэн шүүсэн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан асуудал. Айлын хашаанд цогцос аваачиж орхисон асуудал байна. Нөгөө талаар, Т. Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг дарамталсан нь сэтгэл санаагаар эрүүдэн шүүсэн явдал. Би үүнийг 2016 оны сонгуулийн дараа ярьж эхэлсэн. Намайг өнөөдөр ярилаа гээд байгаа юм. Би 2016 оны сонгууль болоод хоёр сар болоогүй байхад ярьж эхэлсэн. Эрүүдэн шүүсэн гэдэг нь надад дэндүү ойлгомжтой байсан.
Энэ асуудал дээр хуулийн зөрчил тоо томшгүй байгаа. Гэхдээ зүгээр нэг мэргэжлийн алдаа биш. Яг ийм байдлаар асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэж зохиол бичээд зохиолоор явахын тулд баахан хүнийг эрүүдэн шүүж, хэрэг зохиосон. Яах вэ хэргийг шалгах явцад мэргэжлийн алдаа гардаг. Энэ бол мэргэжлийн алдаа биш. Эртнээс зохион байгуулаад, зохиолоо өөрсдөө бичээд түүнийхээ дагуу бэлтгэж хийсэн. Ийм байгаа учраас би энэ асуудалд хатуу байгаа юм”гэх тайлбарыг өглөө.