УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92.3 хувь нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
Хэдийгээр УИХ-ын гишүүдийн 65.9 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн боловч гишүүдийн 2/3-т нь хүрээгүй шалтгаанаар хоригийг хүлээн авахаар боллоо.
Энэхүү хоригтой холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд асуулт тавьж, тодруулга авлаа.
УИХ-ЫН гишүүн Д.Хаянхярваа:Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Хүнээс хамаарч байгаа, хүний асуудал шийдэхдээ үндсэн суурь хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй юм. Бид заавал хуульд өөрчлөлт оруулж, дараа нь үүсэх сөрөг үр дагавар, түүнээс гарах алдаанаас сэргийлэх ёстой. Ер нь бол бид хүнээ өөрчлөөд хүнтэйгээ яриад явах боломж бий болсон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголд нэг гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагыг устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Засгийн газрын тогтоолоор жишиг тогтоох, гэрээт ажилчдыг цомхотгох шийдвэрийг гаргахад ажилчид Захиргааны шүүхэд хандах боломж бий юу. Хууль зүй, дотоод хэргийн яам нь жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн. Гэвч том толгойтой сайд зараагүй л байна. Энэ асуудлаар Захиргааны хуульд гомдол гаргаж болох уу. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй байна гэж л би ойлгоод байгаа юм. Монгол Улсын иргэн шударга шүүхээр эрхээ эдэлнэ гэж байдаг. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Таны дурдсан кэйсүүдээр бол Захиргааны шүүхэд хандах боломжгүй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цомхотголд орвол шүүхэд хандах эрхгүй болох юм. Тэгэхээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй нь Захиргааны шүүхэд харьяалагдахгүй бусад нь шууд харьяалагдана.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөх тогтоол гардаггүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй, харин ч илүү их уртасгасан. Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй.
Ийнхүү гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас асуулт асууж, тодруулга авсны дараа Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Санал хураалтыг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн ч, гишүүдийн 2/3-т хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боллоо.