Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ.
1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Тиймээс давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, арилгах чиглэлээр 2011, 2016 онуудад хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс улбаалан тариаланчид болон үрийн, ялангуяа хүнсний ногооны үрийн жижиглэнгийн худалдаа эрхлэгчид БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсуудаас Монгол оронд соригдоогүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирж тариалснаас болц нь гүйцэхгүй байгаагаас гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдаж, тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгаа аж.
Шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.
Таримал ургамлын үр, сортын бодлогын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үрийн технологийн нөөц бүрдүүлэх, ургамлын шинэ сортыг сорих, турших, бүртгэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар тариалангийн нэгж, сум, дүүрэгт таримал ургамлын үр сорт, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн асуудал хариуцсан албан хаагч, тариалангийн бүс дэх сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв хариуцан гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулах үйл ажиллагаа болон таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцөлийг тусгажээ.
Түүнчлэн таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн (1991 он) зарчимд нийцүүлэн боловсруулсан байна.