УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг тохирсон байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдэхээс дараалал хамаарна. УИХ-аас маргааш хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэх шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын 7-оос доошгүй хоног байна.
Бидний төлөвлөж байгаагаар наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Наадмын дараа “гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих үү. Ард түмний санал асуулга явуулах уу” гэдгээ УИХ шийднэ. Хуулийн хүрээнд явагдах учраас Үндсэн хуультай холбоотой асуудал есдүгээр сарыг дуустал үргэлжлэх товтой байна” гэв.