Д.Цогтбаатар: Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн  /2019.06.18/ хуралдаан боллоо.  Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсноо мэдэгдсэн. 

Уг тогтоолд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусгаж, баталсан бөгөөд, Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна. 

Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээлэлдээ, Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.

Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцолсон. 

Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р. Отгонжаргал мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан байсан. Одоогоор Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эхний ээлжинд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан байгаа гэв. Шаардлагатай байгаа 26 албан хаагчийн орон тоо нь хил, боомт дагуу чиглэл хариуцах, урьдчилан сэргийлэх ажил болон энэ төрлийн гэмт хэрэг, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр ажиллах орон тоо гэдгийг тодотгож байлаа. 

Харин ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдээлэлдээ, хар тамхитай холбоотой хэрэг далд нууц хэлбэрээр явагддаг бөгөөд үүнийг илрүүлэхэд зайлшгүй мэдээлэл шаардлагатай байдаг.  Энэ хэрэг зөвхөн мэдээллээр илэрдэг гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар манай улсруу агаарын тээвэр, төмөр зам ашиглан хар тамхи оруулдаг болж, энэ нь их хэмжээгээр илэрч байна. Үүний учир нь Монгол Улсаар дамжихад зардал бага, нөгөөтэйгүүр энэ хэргийн мөрдлөг таван үе шатыг дамждаг бол манайх гурав дахь үе шатыг л хийдэг. Хэрэгт холбогдох хүмүүсийн тоог авч үзвэл зөвхөн нэг суваг дээр 100-аад хүн байдаг бөгөөд нэг сувгийг илрүүлж хаахад нөгөө сувгийн үнэ өсөх, шинэ суваг гаргах ажиллагаа эхэлдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр, 58 улс цаазын ялтай байдгаас 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цаазын ял оноодөг бөгөөд, ялын хугацааг нь авч үзвэл хамгийн бага нь 20 жил байдаг. Харин монголд энэ төрлийн гэмт хэргийн ял эхний удаа 2-7 жил, бүлэглэн үйлдсэн тохиолдолд 5-10 жил буюу ялын хэмжээ бага байгааг онцолж байлаа.  

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …