ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнийг сонгов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж  Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана” хэмээн заасан байдаг. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.

 Б.Бат-Эрдэнэ гишүүн нь 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016 онд тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж буй туршлагатай парламентчийн хувиар Ёс зүйн дэд хороог удирдаж авч явах чадвартай хэмээн үзэж нэрийг дэвшүүлж байгаагаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. 

    Уг танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчид Б. Бат-Эрдэнэд хандан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ёс зүйн дэд хорооны чиг үүргийн талаар онцлон дурдаад, нэг үетэйгээ харьцуулахад Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд дэвшил гарсан гэдгийг хэллээ. Цаашид сахилга хариуцлага, ёс суртахууныг сайжруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага бий гэдгийг хэлж, амжилт хүслээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харъяалах Дэд хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас Дэд хорооны даргын ажил эхлэх учиртай” хэмээгээд Б.Бат-Эрдэнэ гишүүнд ажлын амжилт хүслээ. 

    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …