Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон учраас энэ суудал эзгүй байсан. Эл суудалд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байснаас Б.Ганбатыг ийнхүү томилжээ.
Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар, 2018 оны 12-р сараас ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.