Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.
Өчигдөр (2019.06.21) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны иргэдтэй уулзаж, төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Хууль зүйн ухааны доктор, судлаач Б.Гүнбилэг нар оролцож, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд анхаарах шаардлагатай гэж үзсэн зарим саналаа хэлж байлаа. Тухайлбал,
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Л.Лантуу: – Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх цаг болсон. Гэхдээ засаглалын тогтвортой байдлыг хангах нь чухал байна. Бидэнд эв нэгдэл дутагдаж байна. Сонгуулийн тогтолцоог сайжруулах, улс төрийн намуудын төлөвшил, хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Дагва: – Нэмэлт, өөрчлөлтийн төслийг хувьдаа дэмжиж байгаа. Үндсэн хуульд засах зүйл олон байна. Одоо нөхцөл байдалдаа тааруулаад цөөхөн өөрчлөлт орж байна гэж хардаг. Засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх нь нэг талаар зөв ч нөгөө талаас мэргэжлийн бус хүн сайд хийж, салбар удирдах нь буруу гэж боддог. Мөн хэдийгээр Үндсэн хуулиар хүн өөрийн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан ч орон нутаг эзгүйрч, бүгд хот руу нүүдэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах хэрэгтэй.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Тулгатогоо: – УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь зөв. Хуралдаа суудаггүй, иргэдээ төлөөлж чадахгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах асуудлыг хуульд нарийвчлан заах шаардлагатай. Мөн хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд сонгогдох эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж, 25-30 хувьд хүргэх хэрэгтэй байна. “Давхар дээл”-гүй болохыг дэмжиж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр нийгмийн аль нэг бүлэг, давхарга, ямар нэг улс төрийн нам, хүчний эрх ашиг, сонирхолыг онцлон оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулна. Парламентын тогтолцоог үндсэн зарчмаар нь хөгжүүлж, шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртэй хариуцлагатай ханддаг болгох нь хуулийн төслийн нэг чухал зарчим. Засаглал тогтвортой, харилцан хяналттай байвал хөгжил хурдацтай байна гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.