О.Магнай: АН 40 саяар жагсаал зохион байгуулсан асуудал байхгүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа зарлан Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа,  Д.Оросоо нар өнөөдөр /2019.06.25/ мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Иргэдийн санаачилгаар нэр бүхий яамдын гадаа эсэргүүцлийн жагсаал болсныг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн бололтой. Эрүүл мэндийн сайд тэмбүүтэй тэмцэнэ гэсэн хариуцлагагүй мэдэгдлээс болж өнөөдөр аялал жуулчлалын компанид захиалга өгсөн жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна. Монголд ирэх байсан 40-50 мянган жуулчин аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас 40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд тэмцсэн. АН энэ тэмцлийг дэмжсэн. Эрх баригчдын ярьсан шиг АН нэг жагсаалыг 40 саяар зохион байгуулсан асуудал огт байхгүй. 40 саяар жагсаал хийх мөнгө, санхүү АН-д байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Уг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хийх ажил маш их байгаа. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг ч ажил хийсэнгүй. Зарим томоохон хэргүүдийг шударгаар шийднэ гэж хүлээж байсан. Гэвч нийгмийн хүлээлтийг өнөөдрийг хүртэл хангаж чадахгүй байна. 1990 оны хувьсгалыг манлайлж явсан улс төрийн хүчний хувьд АН шударга ёсыг тогтоохын төлөөх иргэдийн бүхий л тэмцлийг дэмжинэ” хэмээн мэдэгдлээ.

 АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо “Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан дордуулсан долоон өөрчлөлтөөс дор өөрчлөлтийг хийх гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хянахгүй байх зарчим руу орох гэж байна. Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг есөн жил болгох заалтыг оруулсан. Энэ бол Үндсэн хуулийн авлигал. Хоёрдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг нь эсэргүүцэж байна” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …