Улаанбаатарт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

Ерөнхий сайдын ивээлд ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн IV конгрессыг ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.6.28/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдний тулгамдаж буй асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэхээс гадна улс орнууд туршлага солилцох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх конгрессын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилго, бүс нутгаас авах туршлага гэсэн Үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” хэмээв.

Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сараас “www.apcbid2019.mn”  вэб сайтыг ажиллуулж, конгрессыг сурталчлах, оролцогчдыг бүртгэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах зэрэгт ашигласан байна. Вэб сайтаар дамжуулан 43 оны 160 орчим төлөөлөгч бүртгүүлсэн. Эхний зочид өнөө өглөө Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн веб сайтаар дамжуулан гадаад, дотоодын 109 илтгэл хүлээн авснаас 72-ыг нь конгресст хэлэлцүүлэхээр сонгосон байна.

Бэлтгэл ажлыг хангах хороо ГХЯ-аар дамжуулан Ази, номхон далайн бүсийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, олон улсын байгууллагын удирдлага нарыг конгресст урьжээ. Тэдгээрээс БНСУ-ын Хөдөлмөрийн дэд сайд конгресст илтгэл тавихаар болоод байна. Мөн Бутаны Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Түүнчлэн Камбожи, Пакистан, Австралийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яамны дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирэх аж.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …