Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хаалт, Ээлжит бус чуулганы нээлт болж байна. 2019 оны Хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын Хаврын ээлжит чуулган ачаалал ихтэй байлаа. Чуулганы ажлыг үндэслэж чухал үр дүнтэй ажлуудыг танилцуулъя.
Энэ парламентын үйл ажиллагааг өмнөх чуулгантай харьцуулахад баталсан хуулийн тоо болон чанараар илүү байлаа. Энэ парламент хариуцлагатай, чанартай ажилласан. Гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал өгч эхлэхээр ирц бүрдэхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан. Гэтэл эсрэгээрээ гишүүдийн ирц сайжирлаа.
Цаг үеийн чухал асуудлуудаар хэлэлцүүлэг, сонсголуудыг амжилттай зохион байгуулсан. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёсыг тогтоох, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн төлөө ажиллалаа. Хуулийн байгууллагын удирдлагуудыг сольж, шинэ удирдлагыг томилохдоо иргэдийг оролцуулах сонсгол зохион байгуулсан.
Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах талаар нэгэнт эхэлсэн ажлын эрчийг бууруулахгүй. Төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч, шударга ажиллах ёстой гэсэн ард түмний шүүмжлэлийн дагуу энэ ажлыг үргэлжлүүлж байна.
Эрхэм гишүүд ээ, Хаврын чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч Ээлжит бус чуулганаар үргэлжилнэ. Ээлжит бус чуулганы хэлэлцэх гол асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл. Хаврын чуулган хаасныг мэдэгдье” гэв.
Үргэлжлүүлэн 59 гишүүний ирцтэйгээр Ээлжит бус чуулганыг нээлээ. Ээлжит бус чуулганыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлов.
Ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл;
- Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.