Монголдоо охидын хамтлагийн анхдагч “Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тухай Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ. Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, Гран При шагнал хүртэж байсан юм. Чинбаа бол Америкт дэлхийн хэмжээний ододтой хамтран тоглож байсан хүн. Тэрээр “Чингис хаан” киноны хөгжмийг бичсэн алдартай хөгжмийн зохиолч” хэмээн бичжээ. Ийнхүү байгуулагдсан цагаасаа урлагийн салбартаа тогвортой оршин тогтнож ирсэн тус хамтлагийнханыг хойд хөршид суугаа үндэс угсаа нэгтнүүд маань ийнхүү бичсэн нь бахархалтай санагдаж байлаа. Тус хамтлагийнхан ОХУ-д тоглолт хийхээс гадна Барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж, хичээл заах гэнэ.
Эх сурвалж: info.mn