Хироко Хирахора: Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг харууллаа

БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны наймдугаар ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн байна.

Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ын талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн.

Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл спортын яамны Хойд Лиеч муж болон эрүүл мэнд хариуцсан дарга нар, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодуудын дасгалжуулагч, баг тамирчид, НҮБ-ын, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.
Хүндэт зочид, орон нутгийн удирдлага, хуран цугласан хүүхэд, залуус шинэхэн засварласан спорт талбайгаа сэтгэл бахдам хүлээн авч баярлаж талархсанаа илэрхийлсэн нь цэнхэр дуулгатан бүтээлч залуусын маань урам зоригийг улам өөдөө бадраалаа.

Мотобуудлагын батальоны наймдугаар ээлжийн цэргийн багийн Иргэн цэргийн харилцааны офицер, ахмад н.Ням: Бид энэ удаагийн хүмүүнлэгийн үйлсээ Хойд Лиеч мужийн “Бентью” хотын хүүхэд залууст хэрэгтэй зүйлийг нь хийж өгөхөөр шийдвэрлэн батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан богино хугацаанд, бага хүчээр энэ том ажлын ард гарлаа. Хүмүүнлэгийн энэ удаагийн үйлст оролцсон залуус бид олон улсын стандартад нийцэхүйц хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг будаж засварлан хөл бөмбөгийн талбайд 2 ширхэг сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэж, биеийн тамирын савлуур, дүүжин, цогцолборын эргэн тойронд 30 ширхэг урт сандлыг хийж байршууллаа.
Нээлтийн арга хэмжээнд оролцохоор олноор хуран цугласан орон нутгийн хүүхэд, залууст шинэхэн засварласан спорт тоглоомын цогцолбороо хүлээлгэн өглөө. Орон нутгийн удирдлага болоод хүүхэд залуус сэтгэл өндөр талархаж байгааг нь сонсох сайхан байна. Энэ бол Монгол Улсын наймдугаар мотобуудлагын батальоны цэнхэр дуулгатан хөдөлмөрч авьяаслаг залуусын нөр их хөдөлмөр билээ. Бид нөхөрсөг тоглолтоор талбайн нээлтээ хийж оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрэн хэрэгсэл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн торнууд, бөмбөг тус бүрээс таван ширхгийг, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэгсэл, тоглоомын хамт бэлэглэсэн.

НҮБ-ын UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора: Энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монгол Улсын батальон орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагааг явуулж байгаа. Өнөөдрийн энэ үйл Судан Улсын хүүхэд залууст нэн хэрэгтэй байсан нь энд хуран цугласан олныг харахад нь маш тодорхой харагдаж байна. Монгол Улсын батальоны залуус үнэхээрийн ач холбогдолтой чухал үйлийг сэтгэл зүрхнээсээ хийлээ. Монгол Улсын наймдугаар мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаагаас гадна энэ улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд анхаарч байгаад маш баяртай байна. Тийм болохоор Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг дахин харуулж байна.
Хөл бөмбөгийн багийн ахлагч, Жан Жоүк: Та бүхэнтэй уулзаж байгаадаа мөн ийм сайхан талбайг засварлаж өгсөнд баяртай байна. Өнөөдөр талбайн нээлтийн арга хэмжээний нөхөрсөг тоглолтод Монгол Улсын хөл бөмбөгийн багтай анх удаа тоглолоо. Дараагийн удаа дахин тоглоно гэж найдаж байна.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …