Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп өчигдөр  /2019.07.29/Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Мөн улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдол өгч, хоёр талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Тэр дундаа Турк улстай арьс шир боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийллээ.

Эрхэмсэг ноён Мустафа Шентоп Турк улс ноос, ноолуур, арьс шир боловсруулах, даавуун эдлэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр туршлага хуваалцахаас гадна Европын зах зээлд хамтран бүтээгдэхүүн гаргах боломжтой тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээн авч буйгаа мөн илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ажил хэрэгч, бодит ажлууд хийж тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал гээд Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлалд амжилт хүсэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …