Налайх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр гэх залуу зургаан удаа буудаж аминд нь хүрсэн нь тогтоогдсон байна. Сэжигтэн А.Мэндбаярыг өнгөрсөн ням гаригийн орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Макао руу явах тасалбар бичүүлж байхад нь цагдаа нар баривчилжээ.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нар хэрэг гардаг орой талийгаач М.Эрхэмбаяртай хамт явж байсан залуусыг баривчилсан ч А.Мэндбаяр хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон байна. Ар гэрийнхэн нь ч “Гэртээ ирэлгүй дөрөв хонож байна. Гар утас нь холбогдохгүй байна” гэж байжээ. Тиймээс цагдаагийнхан А.Мэндбаярыг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Улмаар Хил хамгаалах ерөнхий газар болоод Хилийн тагнуулын ажилтнуудад А.Мэндбаярын талаар мэдээлэл өгсөн аж. Гэтэл өнгөрсөн ням гаригийн өдөр хэргийг мөрдөж байгаа цагдаа нарт А.Мэндбаяр Макао руу нисэх гэж байгаа талаар мэдээлэл иржээ. Үүний дагуу “Чингис хаан” онгоцны буудал дээр отож байгаад хэрэгтнийг баривчилжээ.
Түүнээс ямар учраас М.Эрхэмбаярыг зургаан удаа буудаж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэх болсон талаар мэдүүлэг авсан байна. Тэрбээр найзыгаа буудсан гэдгээ хүлээжээ. Харин согтуу байсан болохоор үйлдсэн хэргийнхээ талаар сайн санахгүй байна. Өмнө нь ам муруйж байсан хэмээн мэдүүлжээ. Хэрэгт сэжиглэгдэж байгаа А.Мэндбаярын ар гэрийнхэн хүүгээ өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгүүлэх хүсэлт гаргаад байгаа юм байна. Цагдаа нар А.Мэндбаярын нуусан бууг олж, эд мөрийн баримтаар аваад байгаа юм байна. Тэрбээр буугаа өнгөрсөн жил гар буу зөвшөөрөлтэй оруулж ирдэг компаниас худалдан авсан юм байх. Түүнийгээ үргэлж биедээ авч явдаг байсан гэнэ. Харин хэрэг үйлдсэнийхээ дараа Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хадгалуулсан байжээ. Ямар учраас хэргийг үйлдэх болсон, тухайн үедээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх нь одоогоор тодорхой бус байна. Шинжилгээний хариу гарахаар бүх зүйлс тодорхой болох гэнэ.
Эрүүгийн цагдаагийн газрын зохйон байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан мансууруулах бодис хэрэглэдэг, бусдад худалдаалдаг хэд хэдэн бүлэглэлийг мөрдөн шалгаж байгаа юм байна. Хэрэг гарахын өмнөхөн нэгэн бааранд мансууруулах бодис хэрэглэсэн залуу байсан гэнэ. Түүнийг хэнээс мансууруулах бодис худалдан авсныг судалжээ. Гэтэл арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл бүхий залуус мансууруулах бодис худалдаалдаг болох нь тогтоогдсон байна. Тэдгээр залуусын дунд Алтансүхийн Мэндбаяр байсан гэнэ.
Зургаан удаа буудуулж амиа алдсан М.Эрхэмбаяр нь 1990 оны үед хойд хөршид дээрэм хийдэг байсан гэгдэх “Гурван бүдүүн” хочтой залуусын Мөөнөө гэдгийнх нь хүү бөгөөд дээд боловсролтой нэгэн байжээ. Харин А.Мэндбаяр нь “Sun town” баарны эзний хүү бөгөөд Бээжин, Хонконг, Сингапур руу ойр ойрхон явдаг бөгөөд тус улсуудад бусадтай бүлэглэн хулгай хийдэг байсан байж болзошгүй аж. Мөн дээд боловсролтой ч эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ. Мэндбаярын Алтансүхийг “Хар Аагий” гэх нэрээр нь эрүүгийн ертөнцийнхөн анддаггүй хэмээн эх сурвалжууд онцолж байв.
Э.Баатар
Эх сурвалж: