Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ

Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов.

 Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван толгой  компани, сум орон нутгийн удирдлагууд, уурхайчид, иргэд, жолооч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын төлөөлөлтэй  уулзав. Мөн  Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагааны мэдээлэл сонсож, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг уншиж танилцуулан биелэлтийн талаарх дүн мэдээг холбогдох албаны хүмүүс өгөв. Урьдчилсан тоон мэдээллээр Засгийн газрын албан даалгаврын биелэлт 74 хувьтай гэсэн ч газар дээрхи шалгалтын дүн, албан даалгаврын хэрэгжилт  50 гаруй хувийн гүйцэтгэлийг харуулж байна гэж Сайд Л.Оюун-Эрдэнэ томилолтын эцэст дүгнэсэн.

ЗГХЭГ-ын дарга хэлэхдээ, Хэрвээ албан даалгаврын биелэлт хангалтгүй байвал үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээнэ. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв. Энэхүү томилолтын тайлан мэдээг нэгтгэж дүгнэлтээ лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар танилцуулах аж.

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК– ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээс өсчээ. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар  17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая ам.долларт хүрсэн гэв. Засгийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд Таван толгойн орд газрын өгөөжийг нэмэгдүүлж Эрдэнэс-Тавантолгой компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх цахилгаан станц байгуулах конвер барих, ажилчдын хотхон байгуулах нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр барих, кокс химийн лаборатори байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл хангаж ТЭЗҮ– ийг боловсруулж байгаа аж. Цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая тонн хүргэх зорилт тавьжээ.

 Л.Оюун–Эрдэнэ: Нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах талаар Засгийн газраас бололцоотой бүхий л арга хэмжээг авна

Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн жолооч нарын эрүүл аюулгүй байдлыг хангах амьдралын чанарыг сайжруулах, ажиллах амрах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч шат дараалсан шийдвэрийг гарган ажиллаж байгаагийн нэг нь  энэхүү “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын албан даалгавар бөгөөд дэд ажлын хэсгүүдийг байгуулж гүйцэтгэлд хяналт тавьж байна. Жолооч нарыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулж, тээврийн замд амрах ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх,  эрүүл мэндийн үзлэгт орох боломжоор хангах, шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх  нөхцлийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор Цогтцэций сумын нутагт Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг тус тус байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Барилга угсралтын ажил 30-65 хувьтай тус тус үргэлжилж байна. Санхүүжилт, бараа материалын хангалт жигд байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч нарт бүх төрлийн нийгмийн үйлчилгээг үзүүлэх тус хоёр цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж байгаа 14.000 жолоочийн ая тухтай байдлыг тодорхой хэмжээгээр хангадаг болох юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 км автозамд Гашуунсухайт авто зам ХХК-иас  засвар үйлчилгээ хийж байгаа бөгөөд засварын ажил 76 хувьтай үргэлжилж байна. Зам дагуу 10-15 км тутамд зөөврийн бие засах газар, хогийн цэг байгуулж, зам дагуу нэг удаад 5-10 автомашин зогсох  20 түр зогсоол барихаар төлөвлөж есөн зогсоолыг ашиглалтад оруулсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд түр зогсоолыг барьж дуусгана гэв.

Гашуунсухайт боомтоос наана 22 км-т байрлах Цагаан хад дахь нүүрс ачин тээвэрлэх хэсэгт Энержи ресурс компанийн нүүрс тээврийн талбайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ контейнер тээвэрлэлт хийж буй байдалтай танилцаж, нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав.

Жолооч нар боомт дахь нэвтрэлтийг хурдасгах, АТҮТ-өөс аж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт  чангатгаж өгөхийг хүсч байв. Мөн автотээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хэт өссөн талаар гомдол хэлж байв. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл  буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой аж.

Засгийн газрын албан даалгаврын хүрээнд 30 гаруй хүний орон тоотойгоор Тээврийн цагдаагийн нэгжийг Гашуунсухайт боомтод байгуулан ажиллаж байна. Мөн АТҮТ-өөс хяналт тавьж ажиллах байцаагчдынхаа тоог нэмэгдүүлснээр жолооч нарын бичиг баримтын зөрчил буурч, хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн ур чадвар сул, туршлага багатай жолооч нар хууль бус тээвэрлэлт хийх явдлыг таслан зогсоож байгаа гэв.

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ

Томилолтын ажлын хэсгийн гишүүд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэн Тавантолгой Төмөр зам ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51,8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв.  Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай аж.

Монгол Улсын Засгийн газрын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлогын нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавигдаж байгаа юм.  Төмөр зам баригдснаар 1200 гаруй ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам долларын зардал дөрөв  дахин буурч 8 ам.доллар болохоос гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая/тонн хүртэл нүүрс экспортлодог болох юм. Мөн жилд Улсын төсөвт 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж, Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэж, уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараар борлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилвал нэмүү өртөг шингээж тээвэрлэсэн тохиодолд 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломж бүрдэх юм. Нэг л жишээ авахад төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Эрдэнэс таван толгой компанийн борлуулалтын орлого гэхэд 1,9 их наяд төгрөгөөс 5,1 их наяд болж цэвэр ашиг нь хоёр их наяд төгрөгт хүрч өнөөгийн түвшингээсээ даруй 2,7 дахин нэмэгдэх юм. Улмаар төмөр замаар Хятад Улсын нутаг, түүний далайн боомт, гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэх юм.  Иймд Монгол Улсын Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгой компанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж буй. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар танилцуулга хийж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ ЗГХЭГ-ын дарга хэлсэн юм.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км авто замд  нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэл үүсч хот хоорондын зорчих тээвэрт хүндрэл үүсчээ.

 Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд энэ оноос нийслэлийн гэр хорооллын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангахаар болсон. Сайжруулсан түлш үйлдвэрлэх түүхий нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой нүүрсний ордоос татан тээвэрлэж буйд замын эвдрэл хүндрэл учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций– Улаанбаатар чиглэл дэхь 239 км автозамд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч 11 сард дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа аж. Сайжруулсан түлш бэлтгэх түүхий нүүрсний нөөц бүрдүүлэлтийг ирэх есөн сард дуусгахаар төлөвлснөөс 200 мянган тонн түүхий нүүрс татах үлджээ.

ЗГХЭГ–ын дарга Л Оюун– Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг гаргахын тулд тулгамдаж буй асуудлыг цогцоор харж шийдвэрлэхийг зорьж албан даалгавраа ч өгсөн гэв. Тус автозамын засвар арчлалтыг хийснээр Улаанбаатар хотын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангах зорилт хэрэгжихийн зэрэгцээ хот хоорондын зорчих урсгал ард иргэдийн аюулгүй байдлыг хангах болно гэсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …