Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.
Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.
Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.
Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцлов.