Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ.
Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар идэвхитэй хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визийн шаардлагыг хөнгөвчлөх, визийн хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.
Ийнхүү Монгол Улс, БНСУ хоёр орны иргэд харилцан зорчиход хоёр байгууллагын үүсдэг асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, богино хугацааны үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.
Энэ талаар өнөөдөр /08.26/ 15:00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаман дээр болох хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.