У.Хүрэлсүх: Халхын голын байлдаан дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд


Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа!

Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье.

Халхын голын байлдаан нь туурга тусгаар шинэ Монгол Улсаа бататган, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт байр суурь, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн ахмад үеийнхний баатарлаг үйлсийн тод жишээ, Монголын ард түмний элгэн халуун эх оронч үзэл, эрэлхэг зориг, эв нэгдэл, тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуур болж түүхэнд мөнхөрсөн юм.

Халхын голын байлдаан Монгол Улсад эх орныхоо бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын соргог манаа нь болсон орчин үеийн байнгын цэрэгтэй болох үндэс тавигдсаныг нотлон харуулсан билээ.

Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүний дайн, байлдааныг удирдан зохион байгуулахад хуримтлуулсан туршлага, сургамжнь манай Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болсон төдийгүй энэхүү ялалт нь Монгол цэргийн ялалт, амжилтын түүхийн нэгэн алтан хуудас болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өнөө жил Монгол Улсын төр засаг Халхын голын ялалтын 80 жилийн ойг улс түмний энх амгалан, аюулгүй байдлын төлөө хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх үзэл санаан дор ёслон тэмдэглэж байна.

Энэхүү түүхэн ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэхдээ Монгол Улсын төр засаг эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн, уг тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, хамтын ялалтын үнэ цэнэ, ач холбогдлыг өнөөгийн болон хойч үеийнхэнд ойлгуулах, дайнд оролцож, ялалт байгуулсан ахмадуудынхаа алдар гавьяаг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулж байхыг зорьж байдаг юм.

Ахмад үеийнхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, ирээдүйн сайн сайхны төлөө бие, сэтгэлээ зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь эх орончид, эрэлхэг дайчдынхаа өмнө хүлээсэн Та бидний мөнхийн үүрэг юм.

Монголын ард иргэд, түүний дотор төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн энэ үүргээ өдгөө нэр төртэй биелүүлж, эх орноо хамгаалах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн хамт дэлхийн халуун цэгүүдэд ч улс түмний энх амгаланг бэхжүүлэх ариун үйлсэд оролцон Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсаар байна.

Халхын голын байлдаан бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан билээ.

Чухамхүү тэр хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд алтан амь, залуу халуун насаа зориулсан ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд, нийт ард түмэндээ Халхын голын хамтын ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлье.

Халхын голын баатруудын гавьяат үйлс Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дуурсагдах болно.

 

МОНГОЛ УЛСЫН​​​​ ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ​​​​​ХҮРЭЛСҮХ

2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …