Ж.Ганбаатар: Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 58 минутад, гишүүдийн 76 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр завсарласан. Иймд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлгагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэв. 

    Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар  төслийн 23.1 дэх заалтын санал хураалтыг түр хойшлуулж, дахин ярилцаж, найруулах шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэн.

    Дараа нь  УИХ-ын гишүүн Н.Учралаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгээс “шатлан дэвших” гэснийг хасах санал гаргасныг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Болд, С.Чинзориг, Д.Хаянхярваа нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Үндсэн хуулиараа зөвхөн 250 мянган хүнийг дархалж болохгүй. Ингэснээр иргэд хувийн хэвшил бус төрийн албанд ажиллах орох сонирхол нэмэгдэнэ. Төрийн албаны чадавх сул байгаа нь хуулиндаа биш хүндээ байгаа гэдэгт санал нэг байна гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ, шатлан дэвших гэдэг үгийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн  найруулгад оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж тухайн үед хэлж байсан. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж, ажилд томилдог зарчмыг мерит гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн гэдгийг онцолж байлаа. 

  Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг, шатлан дэвших гэдэг үгийг хасвал төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх үндсэн зарчим алдагдана. Төрийн жинхэнэ албан хаагч зарим үндсэн эрхээ хязгаарлуулдаг учир арай өөр хандах шаардлагатай гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, шатлан дэвших гэдэг үг байх ёстой. Төрийн албаны чадвар сул байгаа нь хүндээ, хуулиндаа ч биш, улс төрийн намд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, агентлагын нэрийг жаахан өөрчлөөд, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албаны тухай хууль байгаа ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байна. Иймд Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулах шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн. Ингээд “шатлан дэвших” гэдэг үгийг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэнгүй.

    Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөхөөр санал оруулахдаа төслийн 23.1 дүгээр заалттай утга, агуулга нэг тул хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Гишүүд төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төслийн заалтуудыг утга, агуулгын хувьд дахин ярилцаж, өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэн байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэнгүй. 

  Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Харин УИХ-ын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах асуудалд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэдгийг дэмжиж байгааг илэрхийлэхийн зэрэгцээ, Ерөнхийлөгчид нэр дэвших насыг одоогийн Үндсэн хуульд зааснаар хэвээр үлдээх, Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвшихийг хориглох талаар төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаанд түр завсарлав. Үдээс хойших нэгдсэн хуралдаан уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …