Монголын нийгэмд үүсэж буй нийгмийн ядуурлын хандлага нь газар авч бүр сүүлдээ “оюун санааны ядуурал”-ыг буй болгож, энэ байдалд нь дөрөөлөн ядуу хэсгийнхнийхээ талхны мөнгийг “залилан авахад” чиглэсэн олон арга хэмжээ явагдах болжээ. Амралтын өдөр ТV-ээ үзэж суутал ийм хүмүүсийн нэг UB паласт “Хэрхэн мөнгөтэй болох” тухай, шинжлэх ухааны бус нэгэн академийн ерөнхийлөгч, өөрийгөө боловсролын ба анагаахын шинжлэх ухааны доктор, зурхайч, бясалгагч гэх нэгэн эмэгтэй, хүмүүст хандан хэрхэн мөнгөтэй болох тухай ярьж байх юм. Сонирхоод нэлээд ажиглатал хөдөлмөр, мэдлэгийг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд хөх инээд хүрч, ичихийн ихээр ичиж, санаа зовмоор зүйлүүдийг ярих юм. Түүний ярианы агуулгыг товчлон үзвэл “тэр гэхийн тамтаггүй, өөр хоорондоо ямарч холбоогүй зүйлсийг холбож, эцсийн зорилго нь бараг л зүгээр байж байгаад, мөнгөтэй болох тухай” ярих юм. Тухайлбал, түрүүвчиндээ хэрхэн мөнгөө хадгалах вэ л гэнэ, хадаг хүнд өгч болохгүй л гэнэ, гар хуруугаараа баахан дохио зангаа хийнэ л гэнэ, эргүүтсэн мал шиг гурав гурван удаа зөв буруу дороо тойрон эргэнэ л гэнэ. Тэгснээ шашны тарни уншлагыг харамсалтай нь буруу дуудаж унших л юм, тэгснээ монголоор баахан хүсэлт, гуйлт хэлэх л юм.
Монголчууд бид эртнээс нааш өөрсдөө баялаг үйлдвэрлэхээс, харийнхны баялагыг булаахыг илүүтэйд үзэж ирсэн хүчирхэг өвөг дээдсийн үр удам билээ. Энэ уламжлал бидний үүх түүх, үлгэр домогт чамгүй л дурьдагдсан байдаг. Тухайлбал: Бидний сайн мэдэх Бушхүүгийн үлгэр киноны үйл явдлыг эргэн саная. Бушхүү лусын хаанаас шагай аваад түүнийгээ эзгүй хээр дэрлэж унтаад өглөө сэрэхэд өргөө цагаан гэрт, үзэсгэлэнт бүсгүй дэргэд нь, үүдээр нь дүүрэн адуу мал, Бүгд бушхүүгийнх. Харамсалтай нь энэ бол үлгэр.
Хүн сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстой тухай, хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдарч болдог тухай бид хөрш зэргэлдээх улс орнуудынхаа үлгэрээс чамгүй мэднэ. Харин бидний үлгэр тэднээс арай л өөр. Хамгийн сонирхолтой нь эдүгээ цагийн монголчууд бид өөрсдөө үлгэрт дэндүү итгэх болжээ. Энэ нь зүгээр л байж байгаад мөнгөтэй болох үлгэр.
Улс орны засаг төр, эдийн засгийн бодлого ч бас “үлгэрт” тулгуурласан шинжтэй. Хүмүүс юу ч хийлгүй зүгээр л суугаад бай, тэгвэл сар бүр тэдэнд мөнгө өгнө, харин ажил хийвэл төрийн л ажил хий, тэгвэл цалинг чинь нь байн байн нэмнэ. /Төрийн албаны ажил баялаг үйлдвэрлэдэггүйг сана./
Иймэрхүү үлгэрт шинэ цагийн оюунлаг хүмүүс итгэн, заримын нь “тэнэглэж байгаа” яриаг нь сонсож, заримаар нь улс орноо удирдуулахаар сонгож байгаа нь “үлгэрт итгэгсдийн үнэн төрх”.
Баялаг, мөнгийг бүтээх цорын ганц арга бол бүтээлч хөдөлмөр, эрүүл саруул ухаан, шинэлэг сэтгэлгээ гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хачирхалтай нь дээрх лекц уншигч тэр, төр засаг ч тэр энэ тухай ярихгүй байсаар. Шалтгаан нь маш энгийн. Хүмүүс үлгэрт итгэхээ болчихвол тэдэнд хийх зүйл байхгүй болчихно, тэр чинээгээрээ тэд өөрсдөө мөнгөжих боломжоо алдана.
Үлгэрт итгэх монголчуудын түүх үүгээр л дуусах юмсан. Би үлгэрт биш, үнэн байдалд итгэхийг хүснэ.