Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен Монгол Улсад айлчилж байна. Ноён Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар оролцов.
Хоёр улсын хувьд их гүрнүүдтэй хил залгаа оршдог, шашин, соёлын болон хүмүүс нь царай төрхийн хувьд адилхан гэх зэргээр ижил төстэй олон зүйл байдгийг уулзалтын эхэнд Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээн тогтворжуулах, төрийн албаны шинэчлэл, иргэн төвтэй төрийн бодлого гэсэн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж байгаа, энэ хүрээнд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг шинээр бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд голлон анхаарч байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор Монгол Улсын хувьд цаашдын хөгжлийн бодлогоо урт болон дунд хугацаанд төлөвлөх зайлшгүй шаардлага, нийгмийн захиалга үүссэн. Тиймээс хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулах томоохон ажлыг Засгийн газрын зүгээс улс орны хэмжээнд эхлүүлээд явж байгаа, мөн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцэж байгаа зэрэг түүхэн, онцгой үйл явдлууд ид үргэлжилж байгаа үед Монгол Улсад айлчлан ирсэн нь ихээхэн онцлог гэдгийг тодотгов.
Хоёр орны түүхэн харилцааны зарим жишээ болон ижил төстэй, ялгаатай зүйлсийг уулзалтын үеэр талууд хөндсөн бөгөөд бие биеэсээ суралцах зүйл байгаа гэдэгт санал нэгдсэн юм. Бутаны Хаант Улсын тухайд Монгол Улсаас туршлага судлах зүйл багагүй байгааг ноён Шеруб Гелцен онцолсон бөгөөд улсынхаа эзэн хааны мэндчилгээг уламжилсан юм.
Бутаны нийгмийн давхаргын ялгаа, эдийн засгийн өнөөгийн байдал, байгаль, экологи, шашин, соёлын онцлог зэргийг уулзалтын үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсад айлчлах бүхий л бэлтгэлийг хангаж, төрийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа нэгдсэн үйлчилгээний ажилтай танилцах боломж олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид нийслэлийн болон Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.