Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч MУСТА А.Чингүний “Надтай Үлдээч” уянгын драмын жүжиг өчигдөр /2019.09.06/ Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Улсын Драмын Эрдмийн театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л. Дэмидбаатар, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, найруулагч А.Чингүн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар оролцож үг хэлэв.
Тус уран бүтээлийг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Улсын Драмын эрдмийн театртай хамтран залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд бүтээжээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул жүжгийн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Залуучуудад нийгэмд зөв амьдрах, зөв хүмүүжлийг олгох зорилгоор Улсын Драмын Эрдмийн театртай “Надтай үлдээч” жүжгийн төсөлд хамтран ажиллаа. Бид залуучууд, өсвөр насныханд “Хайр” гэж яг юу юм бэ, гэдгийг ойлгуулахыг л хүссэн юм. Өнөөдөр нийгэмд “Хайр” гэдэг зүйлийг авах ёстой гэдэг утгаар хүүхэд, залуучууд илүү их мэдрэх болж. Хос хоёр хэн хэндээ юу ч нэхэхгүйгээр өгөхийг хайр гэнэ. Гэтэл “Чи хайртай л юм бол…” гэдэг хандлага ихсэхээр хайрын үнэ цэнэ үгүй болж байдаг. Тэгэхээр материаллаг зүйлийг сэтгэл гэж хардаг буруу зан байдлыг урлагаар дамжуулан ойлгуулахыг зорилоо” гэв.
Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй Улсын Драмын Эрдмийн театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуу уран бүтээлчдээр бүрдүүлжээ.
МУСТА А. Чингүний найруулсан “Надтай Үлдээч” жүжгийн гол дүрд МУСТА, жүжигчин Б. Шинэбаяр, залуу жүжигчин Д. Асардарь, MУСТА М. Тогтохжаргал, туслах дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, MУСТА О.Гэрэлсүх, MУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглож байна.
“УЧРАХ ЁСТОЙ ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛ УУЛС НУРЖ, ДАЛАЙ ШИРГЭСЭН Ч УЧРАХ Л ЁСТОЙ” дээрх үгс “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн гол санаа юм.
“Надтай Үлдээч” уянгын драмын жүжигт орчин үеийн залуусын хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ. Жүжигт гарч буй үзэгдэл болгон үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, одоо цаашид яаж үргэлжлэх бол гэсэн хүлээлт үүсгэн инээлгэж, уйлуулж чадлаа.
Хосбаяр, Анужин нар хоёр жил үерхэж хамт амьдарсан хосууд. Харин тэд ялихгүй нэг хэргээс болж түр хугацаагаар хоёр тийшээ болсон байлаа. Яг энэ үед Хосбаяр санамсаргүй тохиолдлоор Нандин бүсгүйг гэртээ авч ирж хонуулснаас болж ээдрээт явдлын эх үүсвэр тавигдана. Нандингийн гэр бүлийнхэн Хосбаярыг буруугаар ойлгож олон нийтийн цахим сүлжээнд түүний нэр хүндийг унагасан бичлэг тавьснаас болж Хосбаяр гэрээсээ ч толгойгоо цухуйлгах аргагүй хүнд байдалд орно. Энэ явдалтай зэрэгцэн Анужин Хосбаяртай учраа олохоор гэрт нь ирсэн ч Нандинтай таарсан нь дарин дээр давс нэмсэн хэрэг болох нь тэр. Нэг үгээр хэлэхэд Хосбаярын амьдрал, нэр хүнд, хайр сэтгэл нэг мөсөн баларч гүйцнэ. Эцсийн мөчид Анужин Хосбаяр нар ойлголцох болов уу?
Хэн нь хэндээ “Надтай үлдээч” гэж чин сэтгэлээсээ хэлэх бол…
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Хэзээ: 2019. 09.7, 09.8, 09.9, 09.10, 09.11, 09.12, 09.13, 09.14, 09.15
Үргэлжлэх хугацаа: 100 минут
Насны ангилал: 15+
Тасалбарын үнэ:
25,000 ₮
20,000 ₮
15,000 ₮
10,000 ₮
Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс, ticket.mn-ээр худалдаалж байна.
Г.Нараа