Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд Энэтхэг улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцана.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …