Бэлчээрийг Б.Бат-Эрдэнэ мэт нь БОАЖЯ-тай нийлж сүйтгэдэг

Б.Бат-Эрдэнэ гишүүн оройлон оролцож үлийн цагаан оготно устгах мөнгийг  таван тэрбум болгон өсгөж УИХ-аар батлуулсан нь саяхан.Энэ хүнийг БХЯ-ны сайдаар томилогдоход УИХ-ын чуулган дээр Д.Цогтбаатар гишүүн “Зарим хүн би сайд хийж чадах уу, үгүй юу гэдгээ дотроо боддог болмоор байна” гэж сануулан хэлж байсан билээ.

 Зөвхөн оготно устгах шийдвэрийг УИХ-ын гишүүдээр  гаргууллаа гэж БОАЖЯ-ны холбогдох дарга, түшмэд, сайдаа дагаад сайн дураараа огцорох ёстой юм. Учир нь байгальд хэрэггүй амьтан, ургамал гэж огт байдаггүй гэдгийг өнөөдөр хүүхэд ч мэддэг болсон цаг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, энэ ажлыг хариуцсан яам нь таг дуугүй сууж байгаа нь юу гэсэн үг юм бэ? Хайран ч улс, УИХ, Засгийн газар, яамны нэр хүнд.Олон улс биднийг юу гэж харах вэ гэдгийг ядаж бодсонгүй юу.Та нар. Б.Бат-Эрдэнэ аварга  сайн дураараа манай хамгийн үнэт баялаг бэлчээрийн дайсан болоод байгаа болохоос биш үлийн цагаан оготно  чинь огтоос дайсан биш харин ч “Бурханаас заяагдсан бэлчээр хэмээх баялагийн байгалиас заяагдсан мэргэжлийн домч” билээ.Учир нь ийм юм.

Хүмүүс мал, амьтнаар дамжуулан мах сүү, арьс ноос, ноолуур хэлбэрээр шим тэжээлийг нь байнга “сорж” байдгаас тодорхой хугацааны дараа бэлчээр “турж” сульддаг. Үүнийг мэргэжлийнхэн бэлчээрийн талхигдал гэнэ. Иймээс яг амьтад шиг бэлчээр ч гэсэн хэсэг хугацаанд унтаж амран хүч тэнхээгээ нөхөх шаардлагатай. Чухам энэхүү  байгалийн зохилдлогыг зохицуулах үүргийг Үлийн цагаан оготно гүйцэтгэдэг. Архивын материалыг шүүж үзэхэд 1921 оноос өмнө 10-14 жил тутамд үлийн цагаан оготно хэт өсч өвс ургамлыг идэж устгаснаас тухайн нутгаас хүн, мал дайжихаас өөр аргагүй байдалд хүрч байсан байдаг. Бог мал ялангуяа олон ямаа бэлчээрлэн өвсийг идэж тачирхан болгож хөрсөнд тусах нарны энергийг ихэсгэх  нь үлийн цагаан оготно өсөх үндсэн нөхцөл болно. Өсөж олширсон үлийн оготно бүх ургамлыг нь юу ч үгүй, улаан халцгай болтол нь идэж устгах учир тухайн нутагт байсан ургамлын элдэв өвчин ч бас хамт устана.Яг л ойн түймрээр модны элдэв өвчин, шимэгчид устдаг шиг. Энэ явцад ургамал ургахад хамгийн чухал үүрэгтэй органик бордоог хөрс хангалттай авна. Өөрөөр хэлбэл нэг оготно өдөрт гурван граммаас багагүй ялгадас гаргана. Энэ нь тоо толгойн хэт өсөлтийн үед нэг га талбайд мянгаас доошгүй оготно байдгаас энэхүү талбайг  шимт чанараараа найман тн өтөг, бууцтай тэнцэх эко-бордоогоор бордоно гэсэн үг. Тоо толгойн дээд өсөлтийн үед бүх ургамлыг идэж дуусган өлсгөлөн эхлэж, хэдэн саяараа үхэж үрэгдэн мэргэжлийн хэллэгээр органик бордоо болж оготно өөрсдөө бас хөрсийг бордоно.

Дээд өсөлтийн үед нэг га-д газар доорхи хонгил, үүрийг тооцохгүйгээр дөчин мянган ил нүх оногдоно. Ийнхүү олон тооны нүх гарган сэндийлснээр ургамал ургахад зайлшгүй шаардлагатай бас нэг нөхцөл болох агааржуулалт, чийгшилт, сийрэгжилт хөрсөнд давхар бүрдэнэ. Мөн оготно нүх ухах явцад  бороо, цасны усанд уусан доошилсон ургамал ургахад  зайлшгүй шаардлагатай эрдсээр баялаг хэсгийг эргүүлж хөрсний өнгөн хэсэгт буцаан гаргана. Энэ бүхний эцэст ургамал ургах бүх нөхцөлөөр хангагдсан энэхүү хөрсөнд 3-4 жилийн дараа өвс халиуран найгаж бэлчээр талхигдлаас гарч хэвийн байдалдаа буцан орсноор мал, амьтны диваажин болно. Үүнийг мэргэжлийн хэллэгээр бэлчээр амрах  гэнэ. Ийнхүү  бэлчээр амарч дахин хэвэндээ орсны дараа үлийн цагаан оготно хангалттай нар тусдаггүй хөрстэй, өндөр өвстэй газарт амьдарч чадахгүй учраас тухайн нутгаас өөрсдөө шахагдан дайждаг байгалийн зохилдлоготой юм. Энэхүү бэлчээр буцан сэргэх хугацаа нь ихэнхидээ гурван жил байдаг. Харин татвар төлөгчид бидний мөнгөөр оготно устгана гэдэг нь энэхүү үйл явцыг тасалдуулан, тодорхойгүй хугацаагаар удаашруулж, яваандаа бэлчээрийг дахин сэргэхгүйгээр цөлжүүлнэ гэсэн үг билээ. Иймээс оготно устгах мөнгөнөөс 200 саяар нь  баримтат кино хийж олон нийтэд байгалийн зохилдлогыг ойлгуулах, 800 саяар нь ой сүйрүүлдэг гээд байгаа Сибир хүр эрвээхэй болон УИХ-ын зарим гишүүдэд адлагдаад байгаа царцааны нүүдлийн байгалийн үүргийг үнэн зөвөөр судлан тогтоох, үлдсэн дөрвөн тэрбумыг нь сурагчдын үдийн хоолонд эсвэл хүүхэд хамгаалах төвийг санхүүжүүлэхэд зарцуулбал зохилтой. Дахиад сануулъя. Өнөөдөр XIX  биш XXI зуун. Байгальд хэрэггүй амьтан, ургамал гэж огт байдаггүй гэдгийг хүүхэд ч мэддэг болсон цаг.

Жич: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох гэсэн 32 дугаар зүйлийн 1.1/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн заалтын дагуу бид бүрэн эрхийнхээ дагуу Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат нарыг УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө шүүхэд өгнө. Учир нь ийм хүмүүс төрд байж огт таарахгүй.

Г.АМАРСАНАА

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …